ХҮҮХЭД БАГАЧУУД (#10700)

Эзэн тэнгэр минь, Таныгаа магтъя!  Энэ нярай хүүхдийг Өөрийн элэгсэг ивээл, хайрлан халамжлагч хувь тохиолын сүүгээр хөхүүлж, Өөрийнхөө хурмастын модны үр жимсээр тэжээж хайрлана уу.  Та түүнийг Өөрийнхөө эрхэм дээд хүсэл зориг, хүч чадлаараа бүтээж хүн болгосон болохоор Танаас өөр хэний ч халамжид оруулахгүй байлгаач.  Танаас өөр Бурхан үгүй, Та Хамгийн хүчтэн, Бүхнийг мэдэгч билээ.
Хамгаас хайрт Таныгаа магтан өргөмжилье.  Та ер бусын гайхамшигт буян хишгийнхээ тансаг амт шимтийг түүнд амсуулж, ариун хишиг ивээлийнхээ анхилуун үнэрийг түүнд хүртээгээч.  Алдар нэрс ба шинж чанарын орчлонг бүхэлд нь гартаа эзэмдэж буй Та Өөрийн хамгаас өргөмжит алдар нэрийн сүүдэр дор хоргодох боломжийг түүнд минь олгож хайрлана уу.  Та үнэнхүү хүссэнээ хийх чадалтай, үнэхээрийн Хүчтэн, Хамгаас өргөмжит, Хэзээд Өршөөнгүй, Хамгаас Гоо жавхлант, Өгөөмөр, Нигүүлсэнгүй нь билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10701)

Зүйрлэшгүй Эзэн тэнгэр минь!  Энэ хөхүүл хүүхдийг Өөрийн хайр халамжийн сүүгээр тэтгэж, Өөрийн аюулгүй байдал, асрамжийн өлгий дотор харж хамгаалан элэгсэг хайрынхаа өвөрт өсгөж бойжуулаач.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10702)

Бурхан минь ээ!  Энэ бяцхан нярай үрийг Өөрийн хайрын энгэрт бойжуулж, Өөрийн Зөн билгийн ариун сүүгээр хөхүүлж хайрлана уу.  Энэ шинэхэн ургамлыг хайрынхаа сарнайн цэцэрлэгт тордон, Өөрийн уужим сэтгэлийн хур бороогоор ундаалж өсөн торниход нь тусалж хайрлана уу.  Энэ хүүхдийг Өөрийн хаант улсын иргэн болгож, диваажингийн оронд хөтлөн дагуулаач.  Та бол хүчирхэг, бас нинжин сэтгэлтэй билээ.  Та бол Хишиг Хайрлагч, Өгөөмөр, хязгааргүй хайр буянаар дүүрэн Эзэн тэнгэр билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10703)

Бурхан минь ээ!  Та намайг удирдан чиглүүлж, хамгаалан хайрлаач.  Та намайг гэрэл туяат дэнлүү, гялалзан цацарсан од болгож хайрлана уу.  Та бол Хамгийг чадагч, Хамгаас хүчтэй нь билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10704)

Бурхан минь ээ!  Энэ хүүхдүүдийг эрдэм номтой болгож хайрлана уу.  Энэ хүүхдүүд бол Таны хүрээлэнгийн ургамал, Таны бэлчээрийн цэцэг, Таны цэцэрлэгийн сарнай билээ. Таны хур бороо энэ хүүхдүүд дээр тусах болтугай.  Бодит үнэний Нар энэ хүүхдүүдийг Таны хайр ивээлээр ээх болтугай.  Таны зөөлөн салхи энэ хүүхдүүдийг үлээх болтугай.  Ингэснээр тэд боловсрон хүмүүжиж, өсөн хөгжиж, хамгийн гоо үзэсгэлэнг тольдох болтугай.  Та бол Хишиг Хайрлагч.  Та бол Энэрэнгүй билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10705)

Элэгсэг Эзэн тэнгэр минь!  Энэ хөөрхөн хүүхдүүд бол хүч чадлын мутраараа урласан Таны үр бүтээл, Таны агуу гайхамшгийн бэлэг тэмдэг билээ.  Бурхан минь!  Энэ хүүхдүүдийг хамгаалж, боловсрол олоход нь ивээн тусалж, ертөнцийн хүн төрөлхтний төлөө үйлчлэх боломжийг тэдэнд хайрлаач.  Бурхан минь!  Энэ хүүхдүүд бол сувд эрдэнэс.  Тэднийг Өөрийн хайр халамжийн лавайнд бойжуулаач.  Та болбоос Хамгийн Ивээлт, Бүхнийг Хайрлагч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10706)

Эзэн тэнгэр минь! Эзэн тэнгэр минь! Би бага балчир хүүхэд билээ.  Өөрийн нигүүлсэнгүй сэтгэлийн цагаан сүүгээр намайг тэжээж, Өөрийн хайрын өвөрт бойжуулж, Өөрийн удирдамжийн сургуулиар намайг эрдэм номтой болгож, Өөрийн хишиг ивээлийн сүүдэр дор намайг хөгжүүлж өгөхийг гуйнам, би.  Харанхуй мунхаг байдлаас намайг аварч, туяарах гэрэл гэгээ болгож хайрлана уу.  Гуниг зовлонгоос намайг ангижруулж, Өөрийн сарнайн цэцэрлэгт цэцэг болгож хайрлана уу.  Намайг Өөрийн босгоны шадар зарц болгож, үнэнч шударга сэтгэлтний төрх байдлыг надад хайрлаач.  Намайг хүмүүнлэг ертөнцөд хишиг буяны эх үүсвэр болгож, мөнх насны титмээ надад зүүж өгнө үү. 
Чухам Та бол Хамгаас хүчтэй, Хамгийг чадагч, Бүхнийг харагч, Бүгдийг сонсогч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10708)

Эзэн тэнгэр минь ээ!  Энэ хүүхдүүдийг гайхалтай ургамал болгож хайрлана уу.  Өөрийн Гэрээсийн Цэцэрлэгт өсөн торниход нь тэдэнд тусалж, Абха-н Хаант улсын үүлнээс буух хур бороогоор ундаалан тэдэнд цэвэр ариун гоо үзэсгэлэнг хайрлана уу. 
Аяаг, элэгсэг Эзэн минь!  Би бага балчир хүүхэд, намайг хаант улсдаа хүлээн авна уу.  Би газар дэлхийнх, намайг хурмаст тэнгэрийнх болгож хайрлана уу.   Би доод ертөнцийнх, намайг дээд тэнгэрийн иргэн болгоно уу.  Уйтгар гунигтай намайг гал цогтой нэгэн болгооч.  Материаллаг намайг оюун санаанлаг болгооч.  Таны хязгааргүй их буян хишгийг илэрхийлэгч нэгэн болгож хайрлана уу.  
Та бол Хүчирхэг, Бүхнийг Хайрлагч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10709)

Зүйрлэшгүй Эзэн тэнгэр минь!  Өрөвдмөөр хөөрхий энэ хүүхдэд орогнох газар нь болж, алдаж төөрөгдсөн, аз жаргалгүй энэ хүнд өршөөнгүй Эзэн нь болж хайрлана уу.   Эзэн тэнгэр минь!  Бид ашиг тусгүй ургамлууд хэдий ч Таны сарнайн цэцэрлэгт багтдаг бөлгөө.  Бид навч, цэцгээ өгөөгүй зулзаган модод хэдий ч Таны жимсний цэцэрлэгийн нэгээхэн хэсэг билээ.  Тиймээс Өөрийн элэгсэг уужим сэтгэлийн үүлнээс буух хур бороогоор энэхүү ургамлыг бойжуулж, Өөрийн оюун санааны хаврын цэнгэг уриар энэхүү зулзаган модыг сэргээн амьдруулна уу.  Түүнийг анхаарал хайхрамжтай, ухаалаг гярхай, эрхэм сэтгэлтэй нэгэн болгож, улмаар мөнхийн амьдралд хүрч Таны Хаант улсад үүрд аж төрөхөд нь тусалж хайрлана уу.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10710)

Тэрээр Бурхан билээ!  Миний Бурхан Та минь ээ!  Надад сувдан сондор мэт цэвэр ариун зүрх сэтгэлийг  хайрлана уу.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ХҮҮХЭД БАГАЧУУД (#10707)

Хамгаас гайхамшигт Эзэн тэнгэр Та минь! Энэ бяцхан шадар зарц охиныг Өөрийн Хаант улсад гэрэл туяа цацарсан од мэт болгож хайрлана уу. Түүнийг Өөрийн нэг нэгдмэл чанарын Босгонд ивээж, улмаар баяр цэнгэл дүүрэн дуугаа өргөж, анхилуун тансаг үнэрийг бялхуулж яваг хэмээн түүнд Өөрийн дундаршгүй хайрынхаа аяганаас ханатлаа амсуулаач. Та бол Хамгаас хүчтэй, Хамгаас чадалтай. Та бол Мэргэн ухаантан, Бүхнийг харагч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

